Монгол систем ТҮРИЙВЧ орлох цагаар

ГАРААНЫ БИЗНЕС
Ердөө таван жилийн өмнө л одоо дурдах байдлаар ашиглаж эхэлсэн технологи өнөөдөр дэлхийн хэрэглээ болжээ. Ялангуяа Apple, Samsung тэргүүтэй компаниуд NFC технологид суурилсан төлбөрийн системийг нэвтрүүлснээр олон улсад энэ технологи улам газар авч байна.
Нөгөө талаас бидний түрийвч жилээс жилд улам л түнтийсээр. Цалингийн, зээлийн, хадгаламжийн картууд, дэлгүүр, үйлчилгээний газруудын хөнгөлөлт, урамшууллын карт тэгээд нэмэх нь автобусны карт.
Энэ удаагийн гарааны бизнес буланд бид “Easy Pay” технологийн компанийг онцолж байна
Гэхдээ түрийвчинд байгаа бүхнийг утсанд багтааж, NFC-д суурилсан, төлбөрийн системийг Монгол залуус бүтээжээ. Юун түрүүнд NFC гэж юу болох талаар өгүүлье. Ойрын зайнаас харилцах буюу Near Field Communication гэдэг технологи 2002 онд л яг одоогийн бидний ашигладаг стандартын бүтээгдэхүүн болжээ.


Өнгөрсөн жилээс хөгжүүлж эхэлсэн EZ Pay аппликейшн Монгол залуусын бүтээсэн NFC-д суурилсан төлбөрийн шинэ систем юм
Тун бага эрчим хүчээр, ойрын зайд /4-10см/ мэдээлэл дамжуулдаг учраас аюулгүй байдал талаас хамгийн найдвартай бөгөөд энгийнээр бол Bluetooth-тэй адил технологи.
Хамгийн гол нь тун ойрын зайд ажилладаг учраас Bluetooth шиг баталгаа шаарддаггүй учир мэдээлэл солилцоход бага хугацаа зарцуулна.
Энэ хэд хэдэн давуу тал нь орчин цагийн төлбөрийн хэрэгсэл болох замыг нь нээжээ. Гар утсаараа тооцоо хийдэг болох ирээдүйн хаалгыг онгойлгох түлхүүр нь NFC технологи юм.
Хүн арилжаа, наймааны хэрэгслийг чадлынхаа хэрээр боловсронгуй болгосоор хамгийн сүүлд соронзон карт бүтээжээ. Мэдээж хэрэг их хэмжээний бэлэн мөнгө авч явах шаардлагагүй, таны дансыг шууд илэрхийлж чадах чадвартай болохоор амьдралыг хөнгөвчилсөн.

Харин бидний хэрэглээ өсөхийн хэрээр картын хэрэглээ дагаж өсөх төдийгүй, өөр илүү дэвшилтэт технологиуд хүч түрэн орж ирсээр. Ингээд л халаасандаа байгаа ухаалаг утсаа дахиад нэг үр дүнтэй зүйлд ашиглах боломж бүрдэв.
Тийм ээ, таны халаасанд байгаа утас. iPhone 6 болон түүнээс хойшхи Apple-ийн бүтээгдэхүүнүүдээс эхлээд Nexus 5, HTC One, Samsung Galaxy S II ба түүнээс хойшхи Samsung-ын бүтээгдэхүүнүүд гээд маш олон төрлийн ухаалаг утас NFC технологийг өөртөө агуулсан. /Хэрвээ таны утас NFC-тэй эсэхийг мэдэхийг хүсвэл.../
Өнгөрсөн жилээс хөгжүүлж эхэлсэн EZ Pay аппликейшн Монгол залуусын бүтээсэн NFC-д суурилсан төлбөрийн шинэ систем юм. Аппликейшнийг санаачлан, хөгжүүлэгч Ш.Батзаяат технологийн салбарт хагас гучныг өнгөрөөсөн нэгэн.

Тэрээр “Банк санхүүгийн шинэ систем, төлбөрийн дэд бүтцийн оновчтой шийдлийг гаргаж ирэх нь цаг болсон. Төлбөрийн карт хэмээх хуучирсан хэрэглээний дараагийн хувьсал нь Apple Pay, Android Pay, AliPay гээд технологийн компаниуд хөгжүүлсэн шинэ систем” гэсэн юм.
Төлбөрийн карт бол хуучирсан хэрэглээ
Тийм ч учраас тэрээр сүүлийн нэг жилийг дээр дурдсан системүүдтэй адил зүйлийг бүтээхэд зориулжээ. Үр дүнд нь ухаалаг утсанд NFC, Баркод, QR кодод суурилсан EZ Pay аппликейшн мэндэлсэн юм.
Apple компани 2014 оноос бүтээгдэхүүндээ NFC нэвтрүүлсэн боловч, хөгжүүлэгч нарт нээлттэй болгоогүй учир iOS үйлдлийн системтэй хэрэглэгчид EZ Pay аппликейшнийг Баркод эсвэл QR кодоор нь ашиглах аж.
Аппликейшний ажиллах зарчим тун энгийн. Төлбөр төлөх болоход та утсаа гаргаж ирээд аппликейшнээ ажиллуулна. Ингээд NFC уншигч төхөөрөмжид ойртуулахад л хангалттай. Дин дин... ТӨЛБӨР ТӨЛӨГДЛӨӨ.

Additional Info

  • Ranking: 1
  • Location: America
  • Hours of operation: No Data Entry
  • Start Date: Tuesday, 14 February 2017
  • Address: No Data Entry
Super User

About: